Монголын Нууц Товчоо (1~10)

НЭГДҮГЭЭР БӨЛӨГ (1~10)

1. Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу. Гэргий нь Хоо марал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан халдунаа нутаглаж бүхүйд төрсөн Батачихан ажгуу.

2. Батачиханы хөвүүн Тамача, Тамачийн хөвүүн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хөвүүн Уужим борохул, Уужим борохулын хөвүүн Сали хачагу, Сали хачагугийн хөвүүн Их нүдэн, Их нүдэний хөвүүн Сэм сочи, Сэм сочийн хөвүүн Харчу. 

3. Харчугийн хөвүүн Боржигидай мэргэн, Монголжин гоо гэргийтэй ажээ. Боржигидай мэргэнийн хөвүүн Торголжин баян, Борогчин гоо гэргийтэй. Боролдай суялби гэдэг залуутай, дайр, бор хоёр хүлэг агттай бүлгээ. Торголжины хөвүүн Дува сохор Добун мэргэн хоёр бүлгээ. 

4. Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нүүдлийн газарт харах бүлгээ.

5. Нэгэн өдөр Дува сохор Добун мэргэн дүүтэйгээ Бурхан халдун дээр гарав. Дува сохор Бурхан халдун дээрээс харж, Түнхэлиг горхи руу нэгэн бөлөг иргэн нүүж орж айсуйг харж үзэж.

6. өгүүлрүүн: "Тэд нүүж айсуй иргэдийн дотор нэгэн харуутэй тэрэгний өлжигт (хатан хүний саатах (суух) мухлаг тэрэгний өмнөх суудал) нэгэн сайн охин буюу. Хүнд эс өгсөн бөгөөс Добун мэргэн дүүдээ, чамд гуйя" хэмээж, Добун мэргэн дүүгээ үзүүлэхээр илгээв. 

7. Добун мэргэн тэд иргэнд хүрвээс, үнэнхүү гоо сайн, алдар нэр ихтэй, Алан гоо нэртэй, хүнд өгөөгүй охин ажгуу. 

8. Тэд бөлөг иргэн бээр Хөл баргужин төхөмийн эзэн Баргудай мэргэний охин Баргужин гоо нэртэй охиныг Хорь түмэдийн ноён Хорилардай мэргэнээ өгсөн ажгуу. Хорь түмэдийн газраа Ариг уснаа Хорилардай мэргэний Баргужин гоогоос төрсөн Алан гоо нэрт охин тэр.

9. Хорилардай мэргэн Хорь түмэдийн газартаа булга, хэрэм гөрөөт газраа хориглолдож муулалдаж, Хорилар овогт болж, Бурхан халдуныг гөрөөс гөруул сайт газар хэмээн, Бурхан халдуны эзэд бурхан босгосон Шинчи баян Урианхайд нүүж айсун ажгуу. Хорь түмэдийн Хорилардай мэргэний охин Ариг уснаа төрсөн Алан гоог тэнд гуйж, Добун мэргэний авсан ёсон тийм. 

10. Алан гоо Добун мэргэнд ирж, хоёр хүү төрүүлэв. Бүгүнүдэй, Бэлгүнүдэй нэрт бүлгээ. 



Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдээд сая зуныхаа амралтаараа Монголдоо очихдоо Монголын Нууц Товчоо худалдан авсан. 

Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулахаад шийдсэн. 

Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (198~208)

Монголын нууц товчоо (191~197)