Монголын нууц товчоо (31~40)

 НЭГДҮГЭЭР БӨЛӨГ (31~40)


31. тэд иргэн өгүүлрүүн: «Хүн, морь аль аль нь чиний сураглахтай адил буюу. Тэр харцгайтай буюу. Өдөр бүр манд ирж эсэгчилж одно. Шөнө тэр магад хаана хонох ажгуу? Баруун хойноос салхи салхилахад, харцгайгаар бариулсан нугас, галуудын өд сөд нь цас бурганах мэт бутарч хийсч ирнэ. Энд ойр буй за. Эдүүгээ ирэх цаг болов. Түр хүлээ» хэмээв. 

32. Хоромхон атал, Түнхэлиг горхи өөд нэгэн хүн айсуй буюу. Хүрч ирвээс, Бодончар мөн ажгуу. Бугу хатаги ах нь дүүгээ таньж, дагуулж аваад, Онон мөрөн өөд хатируулан зорчиж одов. 

33. Бодончар Бугу хатаги ахынхаа хойноос дагаж, хатирч явах зуур өгүүлрүүн: «Ах аа! Ах аа! Бие тэргүүнтэй, дээл захтай нь сайн» хэмээв. Бугу хатаги ах нь тэр үгийг нь юунд ч эс болгов. 

34. Бас мөн үгээ өгүүлвээс, ах нь мөн юунд ч эс болгон, хариуд нь үл дуугарав. Бодончар явж байгаад, бас мөнхүү үгээ өгүүлэв. Тэр үгний хариуд ах нь өгүүлрүүн: «Түрүүнээс хойш дахин дахин юун үг өгүүлнэ, чи» хэмээв. 

35. Тэндээс Бодончар өгүүлрүүн: «Тугаарын Түнхэлиг горхиноо бүхүй иргэн их бага, муу сайн, адаг түрүү үгүй, эн сацуу буй. Хялбар иргэн буй. Бид тэднийг дагуулья¹» хэмээв. 

36. Тэндээс ах нь өгүүлрүүн: «За тийм бөгөөс гэртээ хүрч, ач дүү нар эетэлдэж (зөвшилцөж), тэд иргэнийг дагуулья» хэмээллээд, 

37. гэртээ хүрч ирж, ах лүү нартайгаа хэлэлцээд, буцаж мордов. Мөн Бодончарыг манлайд нь довтолгов.

38. Бодончар манлайлан довтлон явж, нэгэн дунд хэрийн жирэмсэн эмийг барьж, «Чи юун хүн?» хэмээн асуув. Тэр эм өгүүлрүүн: «Би Жарчууд аданхан урианхажин²» хэмээв.

39. Тэд иргэнийг ах, дүү тавуул дагуулиж, адуу мал, эд идээ, ард боолыг нь эзэгнэн суух болов. 

40. Тэр дунд хэрийн жирэмсэн эм Бодончарт ирж, хүү төрүүлэв. Түүнийг «Жад (харь) иргэний хөвүүн бүлгээ» хэмээн Жажирадай хэмээж нэрийдэв. Жадараны өвөг тэр болов. Тэр Жажирадайн хөвүүн Түгүүдэй нэрт бүлгээ. Түгүүдэйн хөвүүн Бүри булчиру бүлгээ. Бүри булчиругийн хөвүүн Хар хадаан бүлгээ. Хар хадааны хөвүүн Жамуха бүлгээ. Жадаран овогтон тэд болов.  

    ¹ Эртний утга нь «дүүлэн халих» бөгөөд Монгоын Нууц Товчоонд булаан дээрэмдэх, довтлон эзлэх, олзлон авах хэмээсэн утгаар гарна.

    ² Урианхай овгийн хүний эм хүйс заасан


Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдээд сая зуныхаа амралтаараа Монголдоо очихдоо Монголын Нууц Товчоо худалдан авсан. 

Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулахаад шийдсэн. 

Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (198~208)

Монголын нууц товчоо (191~197)