Монголын нууц товчоо (89~99)
ХОЁРДУГААР БӨЛӨГ (89~99) 89. Тэнд нийлэлдэн одож, Бурхан халдуны өвөрт Хүрэлхү дотор Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж ахуйд тарвага, хүчгэнэ алж идэн бүлгээ. 90. Нэгэн өдөр шарга агттан найман морьд гэрийн дэргэд байж бүхүйг дээрэм ирж, харсаар байтал, дээрэмдэж одов. Явган учир харсаар хоцров. Бэлгүдэй оготор дарги хонгорыг унаж, тарвагачилахаар явсан бүлгээ. Үдэш нар шингэсний хойно Бэлгүдэй оготор дарги хонгорт тарвага нугсалзтал ачиж, явган хөтөлж ирэв. «Шарга агттаныг дээрэм авч одов» хэмээвээс Бэлгүдэй өгүүлрүүн: «Би нэхье» хэмээв. Хасар өгүүлрүүн: «Чи чадахгүй, би нэхье» хэмээв. Тэмүжин өгүүлрүүн: «Та нар чадахгүй, би нэхье» хэмээж, дарги хонгорыг Тэмүжин унаж, шарга агттаныг өвсний налархайгаар гурав хоног мөшгиж, өглөө эрт замд олон адуун дунд нэгэн хөрслөн залуу хөвүүн гүү сааж байхад уулзалдаж, шарга агттаныг сурваас, тэр хөвүүн өгүүлрүүн: «Энэ өглөө наран ургахын урьд шарга агттан найман морьдыг үүгээр үлдэн хөөж өнгөрөв. Мөрийг би ...