Монголын нууц товчоо (89~99)

ХОЁРДУГААР БӨЛӨГ (89~99)


89. Тэнд нийлэлдэн одож, Бурхан халдуны өвөрт Хүрэлхү дотор Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж ахуйд тарвага, хүчгэнэ алж идэн бүлгээ.

90. Нэгэн өдөр шарга агттан найман морьд гэрийн дэргэд байж бүхүйг дээрэм ирж, харсаар байтал, дээрэмдэж одов. Явган учир харсаар хоцров. Бэлгүдэй оготор дарги хонгорыг унаж, тарвагачилахаар явсан бүлгээ. Үдэш нар шингэсний хойно Бэлгүдэй оготор дарги хонгорт тарвага нугсалзтал ачиж, явган хөтөлж ирэв. «Шарга агттаныг дээрэм авч одов» хэмээвээс Бэлгүдэй өгүүлрүүн: «Би нэхье» хэмээв. Хасар өгүүлрүүн: «Чи чадахгүй, би нэхье» хэмээв. Тэмүжин өгүүлрүүн: «Та нар чадахгүй, би нэхье» хэмээж, дарги хонгорыг Тэмүжин унаж, шарга агттаныг өвсний налархайгаар гурав хоног мөшгиж, өглөө эрт замд олон адуун дунд нэгэн хөрслөн залуу хөвүүн гүү сааж байхад уулзалдаж, шарга агттаныг сурваас, тэр хөвүүн өгүүлрүүн: «Энэ өглөө наран ургахын урьд шарга агттан найман морьдыг үүгээр үлдэн хөөж өнгөрөв. Мөрийг би зааж өгье» хэмээгээд оготор хонгорыг тавиулж, Тэмүжинд орог шунхулыг унуулав. Мөн өөрөө хурдан хулыг унав. Гэртээ очил үгүй намбага суулгаа хээр боож тавив. «Нөхөр чи маш их бэрхдэж яваа ажээ. Эрийн мун¹ адил буй за. Би чамд хань болъё. Эцгийг минь Наху баян хэмээдэг. Би ганц хөвүүн нь, Боорчу нэрт бүлгээ» хэмээгээд, шарга агттаныг мөрөөр нь мөшгиж, гурав хоног яваад, үдэш наран гүвээ таших үесээр нэгэн хүрээ иргэнд хүрэв. Шарга агттан найман морьд тэр их хүрээний захад идээшилж байхыг үзэв. Тэмүжин өгүүлрүүн: « Нөхөр чи эндээ бай. Би тэнд буй шарга агттаныг хөөж гаргасугай» хэмээв. Боорчу өгүүлрүүн: «Би нөхөр болъё хэмээн ирсэн билээ. Энд яахан үлдэх» хэмээгээд хамт довтолж ороод, шарга агттаныг хөөж гарав. 

91. Хойноос нь хүмүүс уван цуван нэхэж айсуй. Уурга барьсан нэгэн цагаан морьтой хүн гарцаараа гүйцэж ирэхэд, Боорчу өгүүлрүүн: «Нөхөр, нум сумаа надад аль. Би харвалдъя» хэмээв. Тэмүжин өгүүлрүүн: «Миний өмнөөс чи эрсдүүзэй. Би харвалдъя» хэмээж, гэдрэг харан харвалдав. Тэр цагаан морьт хүн уургаараа дохиж үлдэв. Хойдох нөхөд нь түүнийг гүйцэж ирсэн боловч нар шингэж, харуй бүрий болсон тул нэхэж ирсэн тэдгээр хүмүүс харанхуй болсон хойно хоцров. 

92. Тэр шөнө дүлилэн (турш яван), гурван өдөр, гурван шөнө зогсолтгүй явж хүрэв. Тэмүжин өгүүлрүүн: «Нөхөр минь би чамгүйгээр энэ морьдыг хэрхэн авах бүлгээ. Тийм учир хувааж авцгаая. Чи хэдийг авах вэ?» хэмээсэнд Боорчи өгүүлрүүн: Би сайн нөхөр чамайг бэрхдэж явна хэмээн нөхөртөө тус болъё хэмээн нөхцөж ирэв. Би олз хэмээн авах уу? Эцэг минь Наху баян нэрт буюу. Наху баяны ганц хөвүүн нь би бүлгээ. Эцгийн минь хураасан хөрөнгө над хүрнэ. Би авахгүй. Тэгвэл тус болсон минь юун тус болох, авахгүй» хэмээв.

93. Наху баяны гэрт хүрч ирэв. Наху баян Боорчу хөвүүнээ завхаж (алдаж), нус нулимс болж суув. Гэнэт хүрч ирсэнд, хүүгээ үзэж, нэгэнтээ уйлж, нэгэнтээ загнахад, Боорчу хөвүүн өгүүлрүүн: «Юу болов! Сайн нөхөр бэрхдэж явсанд би нөхөрлөж яваар ирлээ» хэмээгээд явж, хээр боож орхисон намбага суулгаа авч ирэв. Тэмүжинд тэлээ хурга алж, хүнс өгөөд, намбага төхөөрч дүүрүүлэв. Наху баян өгүүлрүүн: «Та хоёр залуу хүмүүн буй. Бие биенээ мэдэж яв. Мөнөө хойно бүү тэвчилдэгтүн (эвдрэгтүн)!» хэмээв. Тэмүжин тэндээс одож, гурван шөнө, гурван өдөр явж, Сэнгүр горхинд буй гэртээ хүрэв. Өгэлүн эх, Хасар хийгээд дүү нар нь санаа зовниж суусан тул уулзалдаж баясав. 

94. Тэндээс Тэмүжин  Бэлгүдэй хоёр Дэй сэцэний Бөртэ үжинийг эрэн Хэрлэн мөрөн рүү одов. Урьд есөн настай бүхүйд үзэж ирснээс хойш уулзалдаагүй бүлгээ. Цэгцэр Чихургу хоёрын зуур Дэй сэцэн Хонгирад тэнд нутаглах ажгуу. Дэй сэцэн Тэмүжинийг үзэж, маш их баясч өгүүлрүүн: «Тайчууд ах дүү чинь атаархаж байна хэмээн мэдэж, миний санаа машид зовнин цөхөрлөө. Чамтай арай ядах уулзав» хэмээгээд Бөртэ үжинийг нийлүүлж мордуулав. Мордуулан хүргэхэд Дэй сэцэн зам зуураа Хэрлэний Ураг цөлийн нугаас харив. Гэргий нь Бөртэ үжиний эх Чотан нэртэй болой. Чотан охиноо үдэж, Хүрэлхү дотор Сэнгүр горхиноо бүхүйд хүргэж ирэв. 

95. Чотаныг хариулаад, Боорчуг нөхөрлөе хэмээн урьж, Бэлгүдэйг илгээв. Бэлгүдэйг очиход, Боорчу эцэгтэй хэлэлгүй, бөгтөр хонгорыг унаад, бор өрмөгөө бөгтрөөд, Бэлгүдэйн хамт ирэв. Тэдний нөхцөж нөхөрлөсөн ёсон тийм. 

96. Сэнгүр горхиноос нүүж, Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт нутаглан буув. Чотан эхийн бэлэг хэмээн, хар булган дах авч ирсэн бүлгээ. Тэр дахыг Тэмүжин, Хасар, Бэлгүдэй гурав авч одов. Эрт өдөр Есүхэй хан эцэгтэй нь Хэрэйд иргэний Ван хан анд бололцсон ажгуу. Эцэгтэй минь анд бололцсон учир эцэг мэт буй за хэмээн Ван ханыг Туулын Хар түнд буй хэмээн мэдэж одов. Ван ханд Тэмүжин хүрч өгүүлрүүн: «Эрт өдөр эцэгтэй минь анд бололцсон ажгуу. Иймд эцэг мэт буй за хэмээн, гэргий буулгахад инжинд ирсэн өмсгөлийг танд авч ирэв» хэмээн булган дахаа өгөв. Ван хан маш баясч өгүүлрүүн: 

        «Хан булган дахын чинь хариуд
        Хагацсан улсыг чинь хамтатгаж өгсү. 
        Булган дахын чинь хариуд 
        Бутарсан улсыг чинь бүрдүүлж өгсү.
        Бөөр нь бөгсөнд 
        Цээр нь цээжинд атугай» хэмээв. 

97. Тэндээс харьж Бүрги эрэгт нутаглаж бүхүйд, Бурхан халдунаас Урианхай хүн Жарчуудай өвгөн хөөргөө үүрч, Зэлмэ нэрт хөвүүнээ дагуулж ирж, Жарчуудай өгүүлрүүн: «Ононы Дэлүүн болдогт бүхүйд Тэмүжинийг төрөхөд булган нэлхэ (манцуй) өгч билээ, би. Энэ Зэлмэ хүүгээ өгсөн боловч өчүүхэн хэмээн авч одлоо. 

        Эдүгээ Зэлмийг
        Эмээлээ тохуул
        Үүдээ сөхүүл» хэмээн өгөв.

98. Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт нутаглан бүхүйд, нэгэн өглөө эрт гэрэлт шар өдөр гийж бүхүйд, Өгэлүн эхийн гэр дотор хөдлөх Хоогчин эмгэн босч өгүүлрүүн: «Эх! Эх! Үтэр бос! Газар доргилж, төвөргөөн сонсдоно, Залхамшигт Тайчууд айсуй буюу? Эх үтэр бос!» хэмээв.

99. Өгэлүн эх өгүүлрүүн: «Хөвүүдийг үтэх сэрээгтүн!» хэмээгээд өөрөө яаран босов. Тэмүжин тэргүүтэн хөвүүд үтэрлэн босоод, морьдоо барьж, Тэмүжин нэгэн морь унав. Өгэлүн эх нэгэн морь унав. Хасар нэгэн морь унав. Хачигун нэгэн морь унав. Тэмүгэ отчигин нэгэн морь унав. Бэлгүдэй нэгэн монь унав. Боорчу нэгэн монь унав. Зэлмэ нэгэн морь унав. Тэмүлэнийг Өгэлүн эх өвөртөө дүүрэв. Нэг хөтөл морь гаргав. Бөртэ үжинд морь дутав.  

       ¹ Саад, бэрхшээл гэсэн утгатай.


Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдсэн.

Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх ёстоай гэсэн үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулаад байгаа билээ. 


Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (198~208)

Монголын нууц товчоо (191~197)