Монголын нууц товчоо (100~103)

 ХОЁРДУГААР БӨЛӨГ (100~103)

100. Тэмүжин ах дүү нар эртлэн мордож, Бурхан халдуны зүг гарав. Хоогчин эмгэн Бөртэ үжинийг нууя хэмээн, битүү харуутай тэргэнд суулгаж, бөөр алаг үхэр хөлж, Тэнгэли (Тэнхлэг) горхин өөд хөдлөв. Харуй бүрий арилж, үүр цайж бүхүйд цэрэг хүмүүс өөдөөс нь хатируулан хүрч ирж, «Юун хүн чи» хэмээн асуув. Хоогчин эмгэн өгүүлрүүн: «Би Тэмүжиний харъяат буй. Их гэрт хонь хяргахаар ирлээ. Одоо гэртээ харьж айсуй» хэмээв. Тэндээс өгүүлрүүн: «Тэмүжин гэртээ буй юу? Гэр нь хаана буй?» хэмээв. Хоогчин эмгэн өгүүлрүүн: «Гэр ч ойр буй. Тэмүжиний байгаа үгүйг мэдсэнгүй. Би хойд гэрээс босч ирэв» хэмээв.

101. Тэр цэргүүд төдий хатируулан одов. Хоогчин эмгэн бөөр алаг үхрээ дэлдээд, үтэрлэн хөдлөхүйд, тэрэгний тэнхлэг хуга тусав. Тэнхлэг хугарсан тул явганаар ойд гүйж оръё хэмээлдэж бүхүйд, даруй мөнөөх цэргүүд Бэлгүдэйн эхийг сундалж, хоёр хөлийг нь сарвалзуулан, хатирч хүрч ирээд: «Энэ тэргэн дотор юу тээж явна» хэмээв. Хоогчин эмгэн өгүүлрүүн: «Унгас тээж явна» хэмээв. Тэр цэргүүдийн ахмад нь өгүүлрүүн: «Хөвүүд дүү нар аа, бууж үзэгтүн!» хэмээв. Хөвүүд дүү нар нь бууж, хаалттай тэрэгний хаалга онгойлгохын хамт дотор нь хатан хүн сууж байсныг тэрэгнээс чирч буулгаж, Хоогчин тэр хоёрыг сундлуулж аваад, Тэмүжиний хойноос өвсний налархайгаар мөр мөшгиж, Бурхан халдуныг зүг гарав. 

102. Тэмүжиний хойноос Бурхан халдуныг гурвантаа тойрч эрээд, олж ядав. Ийн тийн займчин явавч умба шавар, бэрх ой нь цатгалан могой шургаж үл болох шигүү шугуй тул хойноос нь дагаж, эрж яджухуй. Тэд довтлогсод гурван Мэргид ажгуу. Удуйд мэргидийн Тогтога, Увас мэргидийн Дайр усун, Хаад мэргидийн Хаатай дармала эд гурван Мэргид, эрт Өгэлүн эхийг Чилэдүгээс булааж автлаа хэмээн, эдүгээ тэр өшил өшин ирэгсэд ажгуу. Тэр Мэргид өгүүлрүүн: «Өгэлүний өс авахаар ирээд, эдүгээ эмсийг нь авав. Бид өшөөгөө авав» хэмээлдэж Бурхан халдунаас бууж, гэрийн зүг ажрав. 

103. Тэмүжин «Тэд гурван Мэргид магад гэртээ буцав уу? Бүгэж байна уу?» хэмээн Бэлгүдэй, Боорчу, Зэлмэ гурвыг Мэргидийн хойноос мэдүүлэхээр гурван хоног дагуулж, Мэргидийг холдуул, Тэмүжин Бурхан халдун дээрээс бууж, өвчүүгээ дарж өгүүлрүүн: 

        «Хоогчин эхийг
        Солонго болж
        Сонссоны тул
        Үнэ¹ болж
        Үзсэний тул
        Бүтэн биеэ буруулан 
        Бухияа² морьт болж
        Бугын жим дагаж 
        Бургасан гэр гэрлэж
        Бурхан дээр гарлаа. 
        Бурхан халдунаа
        Бөөсний төдий амиа
        Булзуулав, би.
        Гагцхан амиа хайрлан
        Ганц морьт болж
        Хандгайн жимийг дагаж
        Халхасан гэр гэрлэж
        Халдун дээр гарлаа, би. 
        Халдун бурханаа
        Харцын³ төдий амиа
        Халхлуулав, би
        Айхын ихээр айлаа, би
        Бурхан халдуныг 
        Өглөө бүр мялаасугай!
        Өдөр бүр өчсүгэй!
        Ургийн ураг минь 
        Ухан мэдтүгэй!» хэмээн наран өөд хандаж, бүсээ хүзүүндээ эрихлэж, малгайгаа гартаа сэгэлдэргэлж, гараа өвчүүндээ дарж, наран зүг есөнтээ сөгдөж, сацал сацаж, өчил өгөв. 

        ¹ Солонгын язгуурын мэрэгч амьтан. Мөн мөнгөн хулгана ч гэж хэлдэг. 
        ² Уяатай чөдөртэй гэсэн үг.
        ³ Лу. Алтан товчид «хараацайн» гэсэн нь зөв бололтой. 


Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдсэн.

Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх ёстоай гэсэн үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулаад байгаа билээ. 



Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (198~208)

Монголын нууц товчоо (191~197)