Posts

Showing posts from July, 2023

Монголын нууц товчоо (138~147)

 ДӨРӨВДҮГЭЭР БӨЛӨГ (138~147) 138. Өгэлүн эх Мэргидийн нутгаас олдсон Хүчү нэрт хөвүүнийг, Тайчуудын дотор Бэсүдийн нутгаас олдсон Хөхөчү нэрт хөвүүнийг, Татаарын нутгаас олдсон Шигихэн хутугу нэрт хөвүүнийг, Жүрхиний нутгаас олдсон Борохул нэрт энэ дөрвөн хөвүүдийг гэрийн дотор тэжээхдээ Өгэлүн эх хөвүүддээ:              «Өдөр үзэх нүд           Шөнө сонсох чих болгоё »  хэмээн гэртээ тэжээвэй.  139. Эд Жүрхин иргэнийг  «Жүрхин» гэсэн ёсон болбоос, Хабул ханы долоон хөвүүдийн анх ах Охин бархаг бүлгээ. Хөвүүн нь Хутугту жүрхи бүлгээ. Тэд Жүрхин овогтон болов. Хабул ханы хөвүүдийн ах хэмээж, иргэдийнхээ дотроос ялгаж           «Элгэндээ сөст           Эрхийдээ ончтан           Уушги дүүрэн зүрхт           Ам дүүрэн ууртан           Эр тутам эрдэмтэн ...

Монголын нууц товчоо (127~137)

 ДӨРӨВДҮГЭЭР БӨЛӨГ (127~137) 127. Архай хасар Чахурхан хоёрыг Жамухад элчээр илгээвээс Жамуха өгүүлрүүн: «Алтан Хучар хоёрт хэл» хэмээн өгүүлж, илгээрүүн:  «Алтан Хучар та хоёр Тэмүжин анд бид хоёрын хооронд  Сүвээ сэхиж Хавирга хатгаж яахан хагацуулав, та нар. Анд бид хоёрыг үл хагацан, хамт бүхүйд Тэмүжин андыг хан яахан эс болгов, та нар? Одоо ямар санаа санаж хан болгов, та нар? Алтан Хучар та хоёр хэлсэн үгэндээ хүрч, андын сэтгэлийг амуулж, андад минь сайтар нөхцөж явагтун» хэмээн илгээжээ.  128. Түүний хойно Жамухын дүү Тайчар Жалама уулын өвөр Өлгий булагт нутаглаж байхдаа Саарь хээрт байсан манай Жөчи дармалагийн адууг дээрэмдэхээр оджээ. Тайчар тийнхүү Жөчи дармалагийн адууг дээрэмдэж, авч оджээ. Жөчи дармала адуугаа дээрэмдэн одоход, нөхөд нь зүрх алдан шантрахад, тэр өөрөө нэхэн одож, шөнө адууныхаа захад хүрч, мориныхоо дэлэн дээр элгээрээ хэвтэж хүрч, Тайчарын нурууг нь хуга харваж алаад, адуугаа авч иржээ.  129.  «Дүү Тайчарыгаа алагдав хэмээ...