Монголын нууц товчоо (127~137)

 ДӨРӨВДҮГЭЭР БӨЛӨГ (127~137)

127. Архай хасар Чахурхан хоёрыг Жамухад элчээр илгээвээс Жамуха өгүүлрүүн: «Алтан Хучар хоёрт хэл» хэмээн өгүүлж, илгээрүүн: «Алтан Хучар та хоёр Тэмүжин анд бид хоёрын хооронд 

Сүвээ сэхиж

Хавирга хатгаж яахан хагацуулав, та нар. Анд бид хоёрыг үл хагацан, хамт бүхүйд Тэмүжин андыг хан яахан эс болгов, та нар? Одоо ямар санаа санаж хан болгов, та нар? Алтан Хучар та хоёр хэлсэн үгэндээ хүрч, андын сэтгэлийг амуулж, андад минь сайтар нөхцөж явагтун» хэмээн илгээжээ. 

128. Түүний хойно Жамухын дүү Тайчар Жалама уулын өвөр Өлгий булагт нутаглаж байхдаа Саарь хээрт байсан манай Жөчи дармалагийн адууг дээрэмдэхээр оджээ. Тайчар тийнхүү Жөчи дармалагийн адууг дээрэмдэж, авч оджээ. Жөчи дармала адуугаа дээрэмдэн одоход, нөхөд нь зүрх алдан шантрахад, тэр өөрөө нэхэн одож, шөнө адууныхаа захад хүрч, мориныхоо дэлэн дээр элгээрээ хэвтэж хүрч, Тайчарын нурууг нь хуга харваж алаад, адуугаа авч иржээ. 

129. «Дүү Тайчарыгаа алагдав хэмээн Жамуха тэргүүтэн Жадаран арван гурван харьтан нэгдэж, гурван түм болж Алагугууд турхагуудаар давж, Чингис хаанд морилон айсуй» хэмээн Ихирэсээс Мүлхэ тотаг, Боролдай хоёр Чингис хааныг Хүрэлхүд бүхүйд хэл хүргэн иржээ. Чингис хаан арван гурван хүрээ бүлгээ. Тэр бээр энэ хэлийг аваад тэр гурван түм болж, Жамухын өөдөөс морилж, Далан балжудад байлдав. Чингис хаан Жамухад тэнд хөдөлгөгдөж, Ононы Жэрэнэ хавцгайд хоргодов. Жамуха өгүүлрүүн: «Бид Ононы Жэрэнэд хоргоов» хэмээн харихдаа Чиносын хөвүүдийг Далан тогоодод буцалгаж (буцаалгаж?), Нэгүдэй Цагаан-Увагийн толгойг нь огтолж, морины сүүлд чирч оджээ. 

130. Жамухыг тэнд хариулаад, Уругуудын Жүрчидэй Уругуудаа удирдаад, Мангудын Хуйлдар Мангудаа удирдаад, Жамухаас хагацаж, Чингис хаанд ирэв. Хонхотадай Мөнлиг эцэг тэнд Жамухад байжээ. Мөнлиг эцэг долоон хөвүүнтэйгээ Жамухаас салж, тэнд Чингис хаанд нийлэн ирэв. Жамухаас эдгээр хүмүүсийг ирэв гэж, Чингис хаанд нийлэн ирэв. Жамухаас эдгээр хүмүүсийг ирэв гэж, Чингис хаан өөртөө улс ирэв гэж баясч, Чингис хаан, Өгэлүн үжин, Хасар, Жүрхиний Сача бэхи, Тайчутан хамтаар Ононы түнд хуримлая хэмээлдэж хуримлахад, Чингис хаан, Өгэлүн үжин, Хасар, Жүрхиний Сача бэхи нарт эхлэн нэгэн сөн сөгнөжээ. Бас Сача бэхийн өчүүхэн эх Эбэхэйд тэргүүлэн нэгэн сөн сөгнөсний учио Хорижин хатан Хуурчин хатан хоёр «Намайг үл тэргүүлсэн юунд Эбэхэйд эхлэн сөгнөв?» хэмээн буурч Шихигүрийг ашгив (занчив). Буурч Шихигүр ашгигдаж өгүүлрүүн: «Есүхэй баатар Нэхүн тайш хоёр үгүй болсны тул ийн ашгигдах минь юун» хэмээгээд их дуугаар уйлжээ. 

131. Тэр хуримыг манайхаас Бэлгүдэй засаад, Чингис хааны агтыг барьж байсан бүлгээ. Жүрхинээс Бүри бөх тэр хуримыг засан бүлгээ. Манай морьдын уяа хэрээнээс Хатагидай хүн цулбуур хулгайлсны хулгай барив. Бүри бөх тэр хүний өмөөрчээ. Бэлдүгэй байнга барилдах тул баруун ханцуйгаа мулталж, нүцгэн явах бүлгээ. Тийн мулталсан нүцгэн мөрийг нь Бүри бөх илдээр ангас хийтэл цавчжээ. Бэлгүдэй тийн цавчуулсан боловч юм эс болгон, үл ажран цусаа цувуулж явахыг хуримын дотор, сүүдэрт бууж байсан Чингис хаан үзэж, гарч ирээд өгүүлрүүн: «Хэрхэн ийн хийгдэх болов, бид?» хэмээгээд Бэлгүдэй өгүүлрүүн: «Гэм үгүй бүлгээ, миний төлөө ах дүүс муудалцах болуузай. Би алзахгүй. Би илаарь болно. Ах дүүс сая ижилдэн бүхүйд ах битгий муудалц. Хоромхон тэвч!» хэмээв. 

132. Бэлгүдэй хэдий ятгасан боловч Чингис хаан үл болон, модны гишүү хуга татаж, айргийн бүлүүр сугачин явч ашгилалдаж, Жүрхинийг ялж, Хорижин хатан Хуурчин хатан хоёрыг булааж авав. Жич тэд зохилдъё хэмээлцэж, Хорижин хатан Хуурчин хатан хоёрыг эргүүлж өгч, эвлэлдье хэмээн элч илгээлдэн бүхүйд Хятан иргэний Алтан хан, Татаарын Мэгүжин сүүлт нарыг эед нь үр ороход, Вангин чинсанд цэрэг засуулж, «Бүү саат» хэмээн илгээв. «Вангин чинсан, Мэгүжин сүүлт тэргүүтэн Татаарыг Улз өөд адуу мал, эд идээ сэлттэй нь түрж айсуй» хэмээн хэл авав. Тэр хэлийг аваад: 

133. Чингис хаан өгүүлрүүн: 
        «Эрт өдрөөс Татаар иргэн
        Өвгөд эцгийг барагсад
        Өстөн иргэн бүлгээ.
        Эдүгээ энэ завшаанд
        Хамсъя, бид» хэмээгээд Тоорил ханд: «Алтан ханы Вангин чинсан, Татаарын Мэгүжин сүүлт тэргүүтэн Татаарыг Улз өөд түрж айсуй хэмээхүү. Бидний эцэг өвгөдийг барсан Татаарыг хамсъя, бид. Тоорил хан эцэг үтэр иртүгэй» хэмээн энэ хэлийг хүргэж, элч илгээв. Энэ хэлийг аваад, Тоорил хан өгүүлрүүн: «Хөвүүн минь зөв үг хэлүүлжээ. Бид хамсъя» хэмээгээд гуравдугаар өдөр цэргээ цуглуулж, цэрэг үүсгэж, Тоорил хан үтэрлэн хөдөлжээ. Чингис хаан Тоорил хан хоёр Жүрхиний Сача бэхи, Тайчу тэргүүтэн Жүрхинээ хэлүүлж илгээрүүн: 

        «Эрт өдрөөс бидний
        Эцэг өвгөдийг барсан Татаарыг
        Эдүгээ энэ завшаанд хамсан
        Хамт морилъё» хэмээн илгээв. Жүрхинээс цэрэг хүрч ирэхийг зургаан өдөр хүлээж ядаад, Чингис хаан Тоорил хан хоёр хамт цэргээ хөдөлгөж, Улз руу Вангин чинсантай хамсан айсуйд, Улзын Хусту шүтээн, Нарату шүтээнээ Татаарын Мэгүжин сүүлт тэргүүтэн Татаарууд тэнд хороо барьжээ. Чингис хаан Тоорил хан хоёр тийн хороолсон Мэгүжин сүүлтийг хорооноос барьж, түүнийг тэнд нь алж, мөнгөн өлгий, танат хөнжлийг нь Чингис хаан тэнд олзлон авав. 

134. Мэгүжин сүүлтийг Чингис хаан Тоорил хан хоёр алав хэмээн Ванган чинсангийн өөдөөс одов. Вангин чинсан Мэгүжин сүүлтийг алав хэмээн мэдээд, машид баясч, Чингис хаанд Жаут хури¹ нэр (цол) өгөв. Хэрэйдийн Тоорилд ван нэр (цол) тэнд өгөв. Ван хан нэр Вангин чинсангийн нэрийдсэнээр ийн нэрлэх болов. Вангин чинсан өгүүлрүүн: «Мэгүжин сүүлтийг хамсч алсан тань, Алтан ханд маш их тус хийв. Энэ тусыг тань Алтан ханд өчье, би. Чингис хаанд үүнээс их нэр цол нэмэхийг, Жау тау² цол өгөхийг Алтан хан мэдтүгэй» хэмээв. Вангин чинсан тийн баясч, тэндээс буцав. Чингис хан Ван хан хоёр тэнд Татаарыг дагуулиж, хуваан авалцаж, гэр гэртээ харьж буув. 

135. Татаарын хороолсон Нарату шүтээнээ буусан нутгийг талахуйд, нэгэн өчүүхэн хөвүүн гээснийг бидний цэргүүд нутгаас олжээ. Алтан ээмэг, дөрөь-чит булгаар доторлосон таж торгон элгэвчит бяцхан хөвүүнийг авчирч, Чингис хаан, Өгэлүн эхэд бэлэг хэмээн өгөв. Өгэлүн эх өгүүлрүүн: «Сайн хүний хөвүүн ажгуу. Язгуур сайт хүний ураг буй за». Таван хөвүүдийн дүү зургадугаар хөвүүн болгон, Шигихэн хутугу (Шихихутуг) хэмээн нэрийдэж, эх асрав. 

136. Чингис хааны агуруг (ар гэр) Харгалту³ нуурт байсан болой. Агуругт хоцорсон хүмүүсийг Жүрхин тавин хүний хувцас тонож, арван хүнийг алжээ. Жүрхинээ тийн талуулав хэмээн манай агуругт хоцрогсод Чингис хаанд айлтгаваас, энэ хэлийг сонсоод, Чингис хаан маш хилэгнэж, өгүүлрүүн: «Жүрхинээ бид яагаад ийн хийгдэх болов? Ононы түнд  хуримлахуйд буурч Шихигүрийг мөнхүү ашгив. Бэлгүдэйн мөрийг бас цавчив. Зохилдъё хэмээж Хорижин хатан Хуурчин хатан хоёрыг буцааж өгөв, бид. Түүний хойно эртний өстэй болсон, бидний эцэг өвгөдийг барагсад Татаарыг хамсан морилъё хэмээн Жүрхинийг зургаан өдөр хүлээж, эс ирцгээв. Эдүгээ бас дайсны хажуугаар мөн дайсан болов» хэмээгээд, Чингис хаан Жүрхинд морилов. Жүрхинийг Хэрлэний Хөдөө арлын Долоон болдогт бүхүйд ард иргэнийг нь дагуулив. Сача бэхи Тайчу хоёр цөөн биеэр дутаав. Хойноос нь нэхэж, Тэлэтү амсарт гүйцэж, Сача бэхи Тайчу хоёрыг барив. Барьж аваад, Чингис хаан Сача Тайчу хоёрт өгүүлрүүн: «Эрт өдөр бид юу хэмээлдлээ?» хэмээвээс, Сача Тайчу хоёр өгүүлрүүн: «Өгүүлсэн үгэндээ бид эс хүрэв. Үгэнд минь хүргэ!» хэмээгээд хэлсэн үгээ мэдэрч, түшиж өгөв. Үгсийг нь мэдрүүлж, үгэнд нь хүргэж, бүтээж хороогоод мөн тэнд гээв. 

137. Сача Тайчу хоёрыг бүтээгээд (бүтээж үхүүлээд), Жүрхиний иргэдийг хөдөлгөн буцаж ирэхэд, Жалайрын Тэлэгэтү баяны хөвүүн Гүүн-Ува, Чулуун хайч, Жэбгэ тэр гурав Жүрхинд байжээ. Гүүн-Ува Мухали Буха хоёр хөвүүнээ Чингистэй уулзуулж, өгүүлрүүн: 

        «Босгын чинь 
        Боол болтугай. 
        Босгоноос чинь 
        Бултваас
        Борвийг нь огтол. 
        Үүдний чинь
        Өмч боол болтугай.
        Үүднээс чинь
        Ийлбээс (зайлваас)
        Элгийг нь эсгэж орхи!» хэмээж өгөв. Чулуун хайч Түнгэ Хаши хоёр хөвүүнээ бас Чингис хаантай уулзуулж өгүүлрүүн: 

        «Алтан босгыг чинь
        Сахиж байтугай хэмээн өгөв, би.
        Алтан босгоноос чинь
        Ангид одвоос
        Амийг нь тасалж гээгтүн.
        Өргөн үүдийг чинь
        Өргөж өгтүгэй хэмээн өгөв, би.
        Өргөн үүднээс чинь 
        Өөр тийш одвоос
        Өрийг нь нядалж гээгтүн» хэмээв.
Жэбгээг Хасарт өгөв. Жэбгэ Жүрхиний нутгаас Борохул нэрт өчүүхэн хөвүүнийг авч ирж, Өгэлүн эхтэй уулзан өгөв. 


        ¹ Илбэн тохинуулах төлөөний түшмэл
        ² Илбэн тохинуулагч сайд
        ³ Лу. Алтан товчид аргалиту хэмээн бичжээ.


Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдсэн.

Монголын түүх ямар ч Монгол хүнд ойрхон байх ёстоай гэсэн үүднээс Монголын Нууц Товчоог хэсэгчлэн оруулаад байгаа билээ. 

Comments

Popular posts from this blog

University Series: After arrival...3/Очсоны дараа...3

Монголын нууц товчоо (198~208)

Монголын нууц товчоо (191~197)