Монголын нууц товчоо (138~147)
ДӨРӨВДҮГЭЭР БӨЛӨГ (138~147)
138. Өгэлүн эх Мэргидийн нутгаас олдсон Хүчү нэрт хөвүүнийг, Тайчуудын дотор Бэсүдийн нутгаас олдсон Хөхөчү нэрт хөвүүнийг, Татаарын нутгаас олдсон Шигихэн хутугу нэрт хөвүүнийг, Жүрхиний нутгаас олдсон Борохул нэрт энэ дөрвөн хөвүүдийг гэрийн дотор тэжээхдээ Өгэлүн эх хөвүүддээ:
Шөнө сонсох чих болгоё» хэмээн гэртээ тэжээвэй.
139. Эд Жүрхин иргэнийг «Жүрхин» гэсэн ёсон болбоос, Хабул ханы долоон хөвүүдийн анх ах Охин бархаг бүлгээ. Хөвүүн нь Хутугту жүрхи бүлгээ. Тэд Жүрхин овогтон болов. Хабул ханы хөвүүдийн ах хэмээж, иргэдийнхээ дотроос ялгаж
Эрхийдээ ончтан
Уушги дүүрэн зүрхт
Ам дүүрэн ууртан
Эр тутам эрдэмтэн
Бөх хүчтэнийг ялган өгч,
Ууртан сөстөн
Омогтон зүрхтэн тул
Жүрхин хэмээгдэх ёсон тийм».
Тийм омогтон иргэнийг Чингис хаан доройтуулж, Жүрхин овогтныг үлитгэж, иргэд улсыг нь Чингис хаан өөрийн өмч иргэн болгов.
Аргадан унаж
Алмайран байж
Аминдаа хүрэв, би» хэмээгээд үхэж үлдэв. Бэлгүдэй ингэж нуруугий нь хуга татаад, чирч орхиж явав. Хабул хаан долоон хөвүүдийн ах Охинбархаг бүлгээ. Удаах нь Бартан баатар бүлгээ. Хөвүүн нь Есүхэй баатар бүлгээ. Түүний удаах Хутагт мөнгүр бүлгээ. Хөвүүн нь Бүри бүлгээ. Тэрбээр барилдаанд Бартан баатарын хөвүүдээс хол илүү, Бархагийн омогтон хөвүүдтэй нөхөрлөдөг байв. Улсын бөх бөгөөтөл Бүри бөх, Бэлгүдэйд ийн нуруугаа хугалуулж үхэв.
141. Түүний хойно тахиа жил (1201) Хатагин, Салжууд хамтарч, Хатагины Баху чороги тэргүүтэн Хатагин, Салжуудын Чирхидай баатар тэргүүтэн Дөрвөн Татаартай эвсэлдэж, Дөрвөний Хачигун бэхи тэргүүтэн, Алчи татаарын Жалин буха тэргүүтэн, Ихирэсийн Түгэ маха тэргүүтэн, Хонгирадын Тэрхэг, Эмэл, Алхуйтан, Горлосын Чонаг, Цагаан тэргүүтэн, Найманаас Хүчүгүд бас Найманы Буйруг хан, Мэргидийн Тогтога бэхийн хөвүүд Хуту, Ойрадын Хутуга бэхи, Тайчуудын Таргудай хирилтуг, Хотун орчан, Агучу баатартан Тайчууд эдгээр харь омогтон Алхуй булагт чуулж, Жажирадай Жамухыг хан өргөе хэмээн азарга гүүг тас цавчин андгайлалдаж, тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүжээ. Эргүнэд цутгах Гээн мөрний шанааны агуу уудам нугад Жамухыг тэнд Гүр хан өргөв. Гүр хан өргөөд, Чингис хаан Ван хан хоёрт морилъё хэмээлдэв. Морилъё хэмээснийг нь Гороласын Хоридай Чингис хааныг Хүрэлхүд байхад, энэ хэлийг хүргэж илгээвээс, Ван хан хэл аваад, үтэрлэн цэрэг хөдөлгөж, Чингис хаанч хүрч ирэв.
142. Ван ханыг ирүүлээд, Чингис хаан Ван хан хоёр хамтарч, Жамухын эсрэг морилъё хэмээлдэж, Хэрлэн мөрөн рүү морилоход, Чингис хаан Алтан, Хучар, Дааридай гурвыг манлайд явуулав. Ван хан Сэнгүм, Жаха гамбу, Билгэ бэхи гурвыг манлайд явуулав. Эд манлайгаас урагш бас харуул илгээхдээ, Энэгэн гүйлэтүд нэгэн суурин харуул тавив. Түүний цаана Цэхцэрт нэгэн суурин харуул тавиулав. Түүний цаана Чихурхуд нэгэн суурин харуул тавиулав. Бидний манлайд явсан, Алтан, Хучар, Сэнгүмтэн Утхияа хүрч бууя хэмээлдэн бүхүйд Чихурхуд тавьсан харуулаас хүн довтолгон ирж, «Дайн айсуй» хэмээн хэл хүргэн ирэв. Тэр хэлийг аваад үл буудаллан, дайснаас хэл авъя хэмээн явж, хүрэлцэн очиж, хэл авалцаж «Хэн буй?» хэмээн асууваас, Жамухын манлайд Монголоос Агучу баатар, Найманы Буйруг хан, Мэргидийн Тогтога бэхийн хөвүүн Хуту, Ойрадын Хутуга бэхи энэ дөрөв Жамухын манлай болж явжээ.
Бидний манлай тэдэнтэй чанга дуугаар харилцан дуудалдаж, «Одоо орой болжээ. Маргааш хатгалъя» хэмээн эргэж, гол цэрэгтээ нийлэн хонов.
143. Маргааш нь Хүйтэнд хүрэлцэн ирж, байлдаж, урагш хойш, ухран давшин бүхүйд мөнөөх Буйруг хан Хутуга хоёр зад мэдэх ажээ. Зад барих болсонд, зад урваж, тэдний дээр нь зад болжээ. Тэд хөдөлж ядан, нурангид гулсаад, «Тэнгэрт эс таалагдав, бид» хэмээлдэн бутарчухуй.
144. Найманы Буйруг хан Алтайн өвөр Үлүг тагийг зорин салж хөдлөв. Мэргидийн Тогтогагийн хөвүүн Хуту Сэлэнгэ зорин хөдөлжээ. Ойрадын Хутуга бэхи ой тэмцэн, Шисгис (Шишгид) зорин хөдөлжээ. Тайчуудын Агучу баатар Онон зорин хөдөлжээ. Жамуха өөрөө хан өргөмжилсөн иргэдээ талан дээрэмдээд, Эргүнэ рүү тэр харин хөдөлжээ. Тэднийг тийн бутарцгаасанд, Ван хан Эргүнэ рүү Жамухыг нэхэв. Чингис хаан Онон зүг Тайчуудын Агучу баатарыг нэхэв. Агучу баатар улсдаа хүрч очоод, улс амьтнаа дүрвүүлэн хөдөлгөөд, Агучу баатар, Ходун орчан зэрэг Тайчууд Ононы цаад талд үлдсэн бэхлэлтэт цэргүүдээ засч, хатгалдъя хэмээн бэлтгэж байв. Чингис хаан хүрч очоод, Тайчуудтай хатгалдав. Маш ширүүн ээрэлдэн хатгалдсаар, орой болж, мөн тулалдсан газраа шүтэлдэж хонов.
Дүрвэж ирсэн улс мөн тэнд цэргүүдтэй хамт хүрээлж хоноцгоов.
145. Чингис хаан тэр хатгалдаанд хүзүүгээ шархдуулж, цусыг нь тогтоовоос үл болон тэвдүүлэхэд, нар шингэмэгц мөн тэндээ шүтэлдэн бууж, бөглөсөн цусыг Зэлмэ шимэн шимэн амаа цусдаж, тэр бусад хүнд үл итгэн, сахин сууж, шөнө дүл болтол бөглөсөн цусыг нь амаар дүүрэн балгаж асгасаар, шөнө дүл өнгөрвөөс, Чингис хааны дотор сэргэж өгүүлрүүн: «Цус хагсаж гүйцэв. Би ундаасмуу» хэмээв. Тэндээс Зэлмэ малгай, гутал, дээл хувцсаа бүгдийг тайлж, ганц дотоожтой чармаа нүцгэн шүтэлдэн буусан дайсны дотуур гүйж, цаана хүрээлэн буусан иргэний тэргэн дээр нь гарч эсэг эрж ядав. Дүрвэгсэд гүүгээ саалгүй тавьсан ажгуу. Эсэг олж ядаад, нэг их бүрээстэй тараг тэрэгнээс нь аваад, өргөж ирэв. Ирэх, очих замдаа хүнд эс үзэгдэв. Тэнгэр ивээсэн буй! Бүрээстэй таргийг авч ирээд, мөн Зэлмэ өөрөө ус хайж олж ирж, тараг зуурч хаанд уулгав. Гурвантаа амсхийж уугаад, хаан өгүүлрүүн: «Дотор, нүд минь гийв» хэмээгээд өндийж суутал, үүр гийж гэгээ орж үзвээс, тэр суусан орчин тойронд бөглөрсөн цусыг Зэлмийн шимэн шимэн асгасан газрын орчин намаг болсныг Чингис хаан үзэж өгүүлрүүн: «Энэ юу болов? Хол асгах нь яасан юм» хэмээв. Тэндээс Зэлмэ өгүүлрүүн: «Чамайг тэвдүүлэхэд хол явбаас, алжаахаас чинь айж яарч, залгихыг залгиж, асгахыг асгаж, тэвдэхдээ хэвлийд минь бас хэдий орсныг мэдэхгүй» хэмээв. Чингис хаан бас өгүүлрүүн: «Намайг ийм болоод хэвтэж байхад, нүцгэн яахан гүйж оров, чи? Баригдваас намайг ийм болсныг зааж өгөх бус уу, чи?» хэмээв. Зэлмэ өгүүлрүүн: «Миний бодлоор, нүцгэн яваад хэрэв баригдваас, «Би та нарт орох хүсэлтэй бүлгээ. Үүнийг мэдээд, барьж алах гэж, хувцсыг минь бүгдийг тайлж, ганц дотоож тайлаагүй байтал мөлтөс алдуулж, та нарт ийн завдан ирэв, би хэмээх бүлгээ. Намайг үнэмшиж, надад хувцас өгч асрах бүлгээ. Би морь олж унаад, үзтэл энэ зуур ирэх бус уу Би тийн сэтгэж, хааны ундаассан сэтгэлийг тайлсугай хэмээн, хар нүдэн дээр нь ийн сэтгэж одлоо, би» хэмээв. Чингис хаан өгүүлрүүн: «Эдүгээ юу хэмээх вэ? Эрт өдөр гурван Мэргид ирж, Бурхан халдуныг гурвантаа тойрохуйд, амийг минь нэгэнтээ авч гарлаа, чи. Одоо бас хагсаж бүхүй цусыг амаараа шимж, амийг минь тэнхрүүлэв, чи. Бас цангаж, амь тэмцэж байхад, амь өрсөн, дайсны хүмүүсийн нар нүдэн дээр нь гүйж орж, унд олж ирж, амийг минь оруулав, чи. Энэ гурван тус чинь сэтгэл дотор минь байтугай» хэмээн зарлиг болов.
146. Үүр цайж дуусахад үзвээс, шүтэлдэж хоносон цэргүүд шөнөдөө бутарчээ. Хүрээлсэн иргэд хөнгөн хөдөлж үл чадах учир хүрээлэн буусан газраасаа эс хөдөлжээ. Дүрэвсэн улсыг буцаая хэмээн Чингис хаан хоносон газраас морилж, дүрвэгч иргэдийг буцаан явахуйд, даваан дээр нэг улаан дээлтэй эм хүн «Тэмүжин!» хэмээн их дуугаар уйлан хайлан байхыг Чингис хаан өөрөө сонсч: «Юун эм тийн хайлан байна?» хэмээн асуулгаж, хүн илгээв. Тэр хүн очиж асууваас, тэр эмэгтэй өгүүлрүүн: «Сорхон шарын охин. Би Хадаан нэртэй. Эрийг минь энд цэргүүд барьж алах гэж байна. Эрийг минь алах хэмээхэд, Тэмүжин эрийг минь авартугай хэмээн дуудан хайлж уйлаь, би» хэмээв. Тэр хүн ирж, Чингис хаанд энэ үгийг өгүүлвээс, Чингис хаан энэ үгийг сонсоод, хатируулан хүрч, мориноос бууж, Хадаантай тэврэлдэв. Эрийг нь манай цэргүүд урьд алчихжээ. Тэдгээр иргэдийг буцаагаад, Чингис хааны их цэрэг мөн тэндээ бууж хонов. Хадааныг урьж ирүүлж, дэргэдээ суулгав. Маргааш өдөр нь Тайчуудын Төдөгэгийн харъяанд байсан Сорхон шар Зэбэ хоёр ирэв. Чингис хаан Сорхон шард өгүүлрүүн:
Хүнд модыг
Хөсөр хаяулсан
Захан дахь
Заадас модыг
Зайлуулсан, та нар
Эцэг хөвүүдийн тус ажгуу. Яахан удаж ирэв, та нар» хэмээв. Сорхон шар өгүүлрүүн: «Би дотроо бүрэн итгэн санаж явсан бүлгээ. Иймд би яахан яарах. Яарч урьд ирвээс, Тайчууд ноёд миний хоцорсон эмс хүүхэд, мал идээг минь тэд үнсээр хийсгэх хэмээн үл яаран, эдүгээ хаандаа завдан нийлж ирэв, бид» хэмээв. Хэлж барваас «Зөв» хэмээв.
147. Бас Чингис хаан өгүүлрүүн: «Хүйтэнд байлдаж, ухран давшин бүхүйд тэртээ нуруун дээрээс сум ирж, миний зэвлэх ам цагаан хулын аман хүзүүг нь хэн хуга харвалаа, уулан дээрээс?» хэмээв.
«Уулан дээрээс би харвалаа.
Одоо хаанд алагдваас
Алгын чинээ газар өмхийрч хоцоръё.
Соёрхогдвоос хааны өмнө
Цээлийн усыг тасартал
Цэгээн чулууг цууртал довтолж өгье.
Хүр хэмээгсэн газарт
Хөх гүрийг хэмхэлж
Халд хэмээгсэнд
Хар гүрийг хамхартал довтолж өгье» хэмээв.
Чингис хаан өгүүлрүүн: «Дайсан явсан хүн алсан, дайсархсанаа дарж, биеэ нууж, үгээ буцах ажгуу. Харин энэ болбоос алсан, дайсархсанаа үл далдлан, үнэн мөнөөр заан хэлэх буюу. Нөхцөлт нөхөрлөж болох хүн буюу. Зургаадай нэрт ажгуу. Мөн зэвлэх ам цагаан хулыг минь амаг хүзүүг харвасны тул Зэбэ хэмээн нэрлэж, зэв болгоё, чамайг» хэмээн нэрийдэж, «Дэргэд минь яв» хэмээн зарлиг болов. Зэбэ Тайчуудаас ирж нөхөрлөсөн ёсон тийм.
Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдсэн.
Comments
Post a Comment