Монголын нууц товчоо (158~169)
ТАВДУГААР БӨЛӨГ (158~169)
158. Түүний хойно Чингис хаан Ван хан хоёр Найманы Хүчүгүдийн Буйруг ханд морилж, Үлүг тагийн Согог уснаа бүхүйд хүрч очиход, Буйруг хан байлдан ядаж, Алтай даван хөдлөв. Согог уснаас Буйруг ханыг нэхэж, Алтай давуулан Хумшингирийн Үрүнгү рүү үлдэж явахуйд, Йэди тублуг нэрт ноён нь харуулд явж байгаад, манай харуулд хөөгдөж, уул өөд дутаах болоход, олом нь тасарч, тэнд баригджээ. Үрүнгү рүү үлдээд, Хишилбаши нуурт гүйцэж, Буйруг ханыг тэнд мохотгов.
159. Тэндээс Чингис хаан Ван хан хоёрыг буцаж явахад, Найманы хатгалдагч Хөгсэгү сабраг Байдараг бэлчирт цэрэг засч, хатгалдахаар зэхэж байсан ажгуу. Чингис хаан Ван хан хоёр хатгалдъя хэмээн цэрэг засч, хүрч ирээд, орой боллоо, маргааш хамгалдъя хэмээн зэрэгцэн хонов. Тэнд Ван хан буйран дээрээ гал түлүүлж орхиод, шөнө Хар сүүл (голын нэр) өөд хөдлөн явжээ.
160. Тэнд Жамуха Ван хантай хамт хөдөлж явахдаа, Ван ханд Жамуха өгүүлрүүн: «Тэмүжин анд маань эртнээс Наймантай элчит (харилцаатай) бүлгээ. Эдүгээ тэр ирсэнгүй.
Аху (байх) хайргана би буюу.
Ажрах (одох) болжмор
Анд минь буюу.
Найманд очиж нийлэх гэж хоцров» хэмээв. Жамухын тэр үгэнд Убчигдай Хүрэн баатар өгүүлрүүн: «Яахан тийн зусардаж, шударга ах дүү нарыгаа олхин жинхүн (ховлон хочлон) өгүүлнэ» хэмээв.
161. Чингис хаан шөнө мөн тэндээ хонож, хатгалдъя хэмээн маргааш өглөө нь эрт үүр гийлгээд, Ван ханы буйрыг үзвээс үгүй болсон байв. Эд биднийг түлш болгосон ажгуу хэмээгээд, тэндээс Чингис хаан хөдөлж, Эдэр алтайн бэлчирээр гэтэлж, тэр хөдөлсөн чигээрээ явж, Саарь хээрт буув. Тэндээс Чингис хаан Хасар хоёр Найманы яршиг төвгийг мэдэж, тэднийг хүнд эс тоолоо.
162. Хөгсүгэ сабраг Ван ханы хойноос нэхэж, Сэнгүмийн эм хөвүүн, ард иргэдийг нь булаан авч, Ван ханыг Тэлэгэтү амсарт бүхүйд, зарим иргэн, адуу мал, идээ хөрөнгөөс нь булааж аваад буцжээ. Тэр хооронд Мэргидийн Тогтогагийн Хуту Чулуун хоёр хөвүүд тэнд байсан иргэдээ авч салаад, эцэгтэйгээ нийлэн Сэлэнгэ рүү хөдөлжүхүй.
163. Ван хан Хөгсэгү сабрагт дагуулигдаж, Чингис хаанд элч илгээрүүн: «Найманд ард иргэн, эм хөвүүдээ алдав би. Хөвгүүнээсээ, дөрвөн хүлгийг чинь гуйж илгээв, би. Ард иргэнийг минь аварч өгтүгэй!» хэмээн илгээжээ. Чингис хаан тэнд Боорчу, Мухали, Борохул, Чулуун баатар эдгээо дөрвөн хүлгүүдээ цэрэг засч илгээв. Эдгээр дөрвөн хүлгийг хүрэхийн өмнө Улаан хутад байлдахдаа мориныхоо гуяыг харвуулж, автах болж бүхүйд эд дөрвөн хүлгүүд хүрч очиж, ард иргэн, эмс хүүхэд бүгдийг аварч өгөв. Тэнд Ван хан өгүүлрүүн: «Эрт цагт сайн эцэг тань энэ мэт сарниж барсан улсыг чинь аварч өгөв. Эдүгээ бас хөвүүн чи сарниж барсан улсыг минь дөрвөн хүлгүүдээ ирүүлж, аварч өгөв. Ач хариулахыг тэнгэр газрын ивгээл мэдтүгэй» хэмээв.
164. Ван хан бас өгүүлрүүн: «Есүхэй баатар анд минь сарнин барсан улсыг минь нэгэнтээ аварч өгөв. Тэмүжин хөвүүн бас сарнисан улсыг минь аварч өгөв. Энэ эцэг хүү хоёр сарнин барсан улсыг надад хурааж өгөхдөө хэмий өмнө хурааж өгөн зовмуй?
Өтлөж намайг
Өндөрт (тэнгэрт) гарваас
Хөгшрөв би, эдүгээ
Хөгширч намайг
Хаданд гарваас
Хамаг улсыг
Хэн мэдэх!
Дүү нар минь авир үгүйтэн буй. Ганц хүү минь үгүй мэт. Сэнгүм эр бие ганц буюу. Тэмүжин хөвүүнийг Сэнгүмийн ах болгож, хоёр хүүтэй болж, сэтгэл амуусугай!» хэмээн Чингис хаантай, Ван хан Туулын Хар түнд хурж, эцэг хүү хэмээлдэв. Эцэг хүү хэмээлдсэн ёсон нь эрт урьд өдөр Есүхэй хан эцэг лүгээ Ван хан анд бололцсон ёсоор эцэг мэт хэмээж, эцэг хөвүүн хэмээлдсэн ёсон тийм. Үг өгүүлэлдрүүн:
Хамт нэгнээ уулгалъя.
Ороо гөрөөсийг авлахдаа
Хамт нэгнээ авлая» хэмээлэлдэв. Бас Чингис хаан Ван хан хоёр өгүүлэлдрүүн:
«Бид хоёрт атаархаж
Шүдэт могойд шудрагдваас
Шудраанд нь бүү оръё.
Шүдээр амаар өгүүлэлдэж биширье.
Араат могойд адрагдваас
Адраанд нь бүү оръё.
Ам хэлээ ололцож биширье» хэмээн тийн үг барилдаж, амраглан байв.
165. Амраг дээрээ давхар амраг болъё хэмээн Чингис хаан бодож, Жөчид Сэнгүмийн дүү Чагур бэхийг гуйхдаа, Сэнгүмийн хөвүүн Тусахад манай Хожин бэхийг арилжин (солин) өгье хэмээн гуйваас, тэнд Сэнгүм өөрөө ихэмсэглэн бодож өгүүлрүүн: «Бидний ураг тэдэнд очвоос, үүдэнд байж эгнэгт хоймор харах ажгуу. Тэдний ураг бидэнд ирвээс, хоймор сууж үүд харах ажгуу» хэмээн өөрөө ихэмсэглэн бодож, биднийг доромжлон өгүүлж, Чагур бэхийг үл өгөн эс таалжээ. Тэр үгэнд Чингис хаан дотроо Ван хан Нилха сэнгүм хоёрт дур хоцорчээ (дур гутжээ).
166. Тийн дур хоцорсныг Жамуха ухаарч гахай жилийн (1203) хавар Алтан, Хучар, Хартагидай, Өвөгжин, Ноёхон, Сөгэдэй, Тоорил, Хачигун бэхи тэд нэгэн эетэн болон нүүж одож, Жэжээр өндөрийн хярд Бэрхэ элстэд Нилха сэнгүмд очиж, олхио үг өгүүлрүүн: «Тэмүжин анд минь, Найманы Таян ханд хэлтэй элчтэй буюу.
Авир нь өөр буюу
Итгэж суух амуу та
Эс түргэлвээс танд юу болох?
Тэмүжин андад морилвоос, би хөндлөнгөөс оролцъё» хэмээв.
Алтан Хучар хоёр өгүүлрүүн:
Ахыг нь алж
Дүүг нь тэвчиж өгсүгэй» хэмээжээ. Өвөгжин, Ноёхон, Хартагад өгүүлрүүн:
«Гарыг нь гардаж
Хөлийг нь хөлдөж өгсүгэй» хэмээв. Тоорил өгүүлрүүн: «Аргацаан явж Тэмүжиний улсыг нь авъя. Улсаа автваас, улс үгүй болвоос яана, тэд?» хэмээв. Хачигун бэхи өгүүлрүүн: «Нилха сэнгүм хөвүүн чамайг юу санаваас
Гүний ёроолд хүрэлцье» хэмээжээ.
167. Эдгээр үгсийг өгүүлэлдэж, Нилха сэнгүм эцэг Ван хандаа тэдгээр үгсийг Сайхан төдээнээр өгүүлж илгээжээ. Эдгээр үгсийг сонсоод Ван хан өгүүлрүүн: «Хөвүүнийг минь, Тэмүжинд яахан тийн сэтгэх буюу та нар? Түүгээр түшиг тулгуур болгон бөгөөтөл, одоо хөвүүнд минь тийн муу санаваас, тэнгэрт үл таалагдана, бид. Жамуха явдаг хэлт (үг зөөдөг) бүлгээ. Лав, тав юм уу? Юу өгүүлж буй» хэмээн эс таалан илгээв. Бас Сэнгүм өгүүлж илгээрүүн: «Амтай, хэлтэй хүмүүн өгүүлэн бөгөөтөл яахан үл тоомсорлоно?» хэмээн байн дахин өгүүлж илгээн ядаад, өөрийн биеэр одож өгүүлрүүн: «Бүр чамайг өдийд амьд байх цагт биднийг огт эс тоох буюу. Үнэхээр хан эцэг чамайг
Хард хахваас
Хурчахус буйруг хан эцгийн чинь зовон, өдий хурааж агсан улсыг чинь манд мэдүүлэх үү? Хэнээр яахан мэдүүлэх вэ?» хэмээв. Тэр үгэнд Ван хан өгүүлрүүн: «Чагаагаа¹ хөвүүгээ хэрхэн тэвчинэ! Эдүгээ түүгээр түшиг болгож байж, муу санаваас зохих уу? Тэнгэрт үл таалагдана, бид» хэмээв. Тэр үгэнд хүү Нилха сэнгүм нь уурлаж, үүд хаяж гарав. Жич хөвүүн Сэнгүмийнхээ дур хүслийг хайрлаж, урьж ирүүлж, Ван хан өгүүлрүүн: «Тэнгэрт магад тааландана уу, бид? Хөвүүнийг хэрхэн тэвчье хэмээмүү, та нар? Чадвал үйлдэгтүн! Та нар мэдэгтүн!» хэмээжээ.
168. Тэндээс Сэнгүм өгүүлрүүн: «Мөнөөхөн тэд манай Чагур бэхийг гуйсан бүлгээ. Эдүгээ багалзуур идэхээр² ирэгтүн хэмээн өдөр болзож, урьд ирүүлж, тэнд барья» хэмээлдэж «Зээ» хэмээн үг барилдаж, «Чагур бэхийг өгье. Багалзуур идэхээр ирэгтүн» гэж илгээв. Чингис хаан уригдаж, арван хүнтэй явах зуураа Мөнлиг эцгийн гэрт хоновоос, тэнд Мөнлиг эцэг өгүүлрүүн: «Чагур бэхийг түрүүн гуйхад, мөнөө биднийг доромжилж, үл өгөн бүлгээ. Эдүгээ хэрхэн эргэж, багалзуур идүүлэхээр урих болов. Өөрсдөө ихэрхэгч хүмүүс хэрхэн гэнэт өгье хэмээн урих бүлгээ. Лав, тав юм уу? Ямар санай буй. Хөвүүн ухаж бодох буй за. Хавар болов. Бидний адуу туранхай буй. Адуугаа тэвээрүүлье хэмээн шалтаж илгээе хэмээн үл одон, Бухадай Хирадай хоёрыг багалзуур идэгтүн хэмээн илгээж, Чингис хаан Мөнлиг эцгийн гэрээс харив. Бухадай Хирадай хоёрыг очихын хамт «Бид сэрдэгдэв, маргааш эрт бүслэн барья» хэмээлдэв.
169. Тийн бүслэн барья хэмээн үг барилдсаныг, Алтаны дүү Их чэрэн гэртээ ирж өгүүлрүүн: «Маргааш эрт Тэмүжинийг барья хэмээлдэв. Энэ үгийг Тэмүжин хэл хүргэн очих хүнийг ямар зэрэг болгох буй?» хэмээжээ. Тийн өгүүлэхүйд эм Алагжид өгүүлрүүн: «Тэр дэмтй үг чинь юу болно. Хэн хүн үнэмших болуузай» хэмээв. Тийн хэлэхэд, адууч Бадай нь сүү хүргэхээр ирж, энэ үгийг сонсч харив. Бадай явж адууч нөхөр Хишилигт Чэрэнгийн өгүүлсэн үгийг хэлэв. Хишилиг өгүүлрүүн: «Би бас очиж, ухсугай» хэмээж гэрт нь очиход, Чэрэнгийн хөвүүн Нарин гэгээн гадаа сууж, сумуудаа үрэн байж өгүүлрүүн:
Хэлийг нь боож
Хэний амыг таглах вэ?» хэмээв. Тийн өгүүлээд Нарин гэгээн бас адууч Хишилигтээ өгүүлрүүн: «Мэргидэй цагаан, ам цагаан хээр хоёрыг барьж авчир. Шөнө уяж эрт мордъё» хэмээв. Хишилиг явж Бадайд өгүүлрүүн: «Тугаарын үгийг чинь болгоов. Магад үнэн болов. Эдүгээ бид хоёр Тэмүжинээ хэл хүргэн очъё хэмээн үг барилдаж, Мэргидэй цагаан, ам цагаан хээр хоёрыг барьж ирж, уяж, үдэш гэртээ нэгэн хурга алж исрээрээ (ороороо) болгож, Мэргидэй цагаан, ам цагаан хээр хоёр бэлэн уясан агтыг унаж, шөнө явж Чингис хаанд шөнөдөө хүрч, гэрийн араас Бадай Хишилиг хоёр өгүүлрүүн: «Их чэрэнгийн өгүүлсэн үгс, хөвүүн Нарин гэгээний сумуудаа үрэн сууж өгүүлснийг, Мэргидэй цагаан, ам цагаан хээр хоёр агтыг барьж уя гэсэн үгс бүгдийг өгүүлж өгөв. Бас Бадай Хишилиг хоёр өгүүлрүүн: «Чингис хаан соёрхвоос, эргэлзлэл үгүй буй. Таныг бүслэн барья хэмээн үг барилдав» хэмээв.
¹ Чагаа хэмээх нь бага хүүхэд хэмээсэн утгатэй, энхрийлсэн үг.
² Дэр нийлүүлэхэд багалзуурын мах хувааж иддэг заншлаас үүдэлтэй хэллэг.
Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдсэн.
Comments
Post a Comment