Монголын нууц товчоо (191~197)
ДОЛДУГААР БӨЛӨГ (191~197) 191. Бэлгүдэй ноёны энэ үгийг зөвшөөж, Чингис хаан аваас буугаад, Абжига хөдэхэрээс хөдөлж Халхын Ор нугын хэлтгий хаднаа бууж, цэргийн тоогоо тоололдож, тэнд мянганыг мянгалж, мянганы ноён, зууны ноён, аравны ноёдыг тэнд түшив. Чэрбинийг тэнд бас түшив. Додэй чэрби, Доголху чэрби, Өгэлэ чэрби, Толун чэрби, Бучаран чэрби, Сүйхэтү чэрби эд зургаан чэрбинийг тэнд түшив. Мянган мянгалан, зуу зуулан, арав аравлан барж наян хэвтүүл, далан турхаг тэнд хэшигтэн ялгаж оруулахад мянгад, зуудын ноёдын хөвүүд, дүү нарыг эгэл чөлөөт ардын хөвүүд, дүү нарыг оруулахдаа, бие бялдар эрдэм сайтыг ялгаж оруулав. Тэнд Архай хасарыг соёрхож, «Баатруудыг ялгаж мянгалтугай! Хатгалдах өдөр өмнө минь байж хатгалдтугай! Олон өдөр турхаг хэшигтэн минь болтугай» хэмээн зарлиг болов. «Далан турхагийг Өгэлэ чэрби ахалж байтугай! Хутусхалчантай зөвшилдөж байгтун!» хэмээв. 192. Бас Чингис хаан зарлиг болруун: «Хорчин, турхаг, хэшигтэн, буурч, үүдэч, агтач өдөр ...