Монголын нууц товчоо (191~197)
ДОЛДУГААР БӨЛӨГ (191~197)
191. Бэлгүдэй ноёны энэ үгийг зөвшөөж, Чингис хаан аваас буугаад, Абжига хөдэхэрээс хөдөлж Халхын Ор нугын хэлтгий хаднаа бууж, цэргийн тоогоо тоололдож, тэнд мянганыг мянгалж, мянганы ноён, зууны ноён, аравны ноёдыг тэнд түшив. Чэрбинийг тэнд бас түшив. Додэй чэрби, Доголху чэрби, Өгэлэ чэрби, Толун чэрби, Бучаран чэрби, Сүйхэтү чэрби эд зургаан чэрбинийг тэнд түшив. Мянган мянгалан, зуу зуулан, арав аравлан барж наян хэвтүүл, далан турхаг тэнд хэшигтэн ялгаж оруулахад мянгад, зуудын ноёдын хөвүүд, дүү нарыг эгэл чөлөөт ардын хөвүүд, дүү нарыг оруулахдаа, бие бялдар эрдэм сайтыг ялгаж оруулав. Тэнд Архай хасарыг соёрхож, «Баатруудыг ялгаж мянгалтугай! Хатгалдах өдөр өмнө минь байж хатгалдтугай! Олон өдөр турхаг хэшигтэн минь болтугай» хэмээн зарлиг болов. «Далан турхагийг Өгэлэ чэрби ахалж байтугай! Хутусхалчантай зөвшилдөж байгтун!» хэмээв.
192. Бас Чингис хаан зарлиг болруун: «Хорчин, турхаг, хэшигтэн, буурч, үүдэч, агтач өдөр хэшигт орж, нар шингэхийн урьд хэвтүүлд зайлж өгч, агтандаа гарч хонотугай. Хэвтүүл шөнө гэр орчин (тойрон) хэвтэхээ хэвтүүлж, үүдэнд байхаа хэшиглэн байгуултугай. Хорчин, турхаг маргааш нь биднийг шөл унд идэж уумагц, хэвтүүлд хэлж, хорчин, турхаг, буурчин, үүдчин мөн мөр мөрөөрөө явтугай. Сууриндаа суутугай. Гурван шөнө, гурван өдөр хэшиг өдрөө дуусч, мөнхүү ёсоор гурван шөнө хоноцгоож, хэшиг солилцож, шөнө зөвхөн хэвтүүл байтугай. Орчин хэвтэж хонотугай!» хэмээн зарлиг болов. Төдий мянга мянгалан барж, чэрби томилж, наян хэвтүүл, далан турхаг, хэшигтэн оруулж, Архай хасарт баатрууд ялгаж, Халхын ор нугын хэлтгий хаднаас Найман иргэнд морилруун.
193. Хулгана жил (1204) зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр туг тахиад, морилруун. Хэрлэн өөд Зэбэ, Хубилай хоёр магнайлж яваад, Саарь хээрт хүрвээс, Ханхар ханы оройд Найманы харуул тэнд ажгуу. Бидний харуул тэдэнтэй үлдэн хөөцөлдөхөд, бидний харуулаас нэг муу эмээлтэй шунхалхан морийг Найманы харуулд алджээ. Найманы харуул тэр морийг барьж өгүүлэлдрүүн: «Монголын морьд туранхай ажгуу» хэмээлджүхүй. Манайхан Саарь хээрт хүрч тэнд түр түдэж «Хэрхэн хийх?» хэмээлдвээс, тэнд Додэй чэрби Чингис хаанд дурдан өгүүлрүүн: «Бид ч цөөн буй. Цөөн дээрээ замд чилж зүдэрч ирэв. Ийнхүү түр түдэж агтасаа цадтал энэ Саарь хээрийг бүрхэн бууж, амьд хүн тутам эр бүхэн тав таван гал түлж, галаар сүрдүүлье. Найман иргэн олон хэмээгдмүй. Хан нь гэртээсээ эс гарсан танхи хэмээгдмүй. Галаар гайхшруулж байтал бидний морьд цадмуу зээ. Морьдоо цатган, Найманы харуулыг үлдэн дарж, гол хүчинд нь нийлүүлэн тэр үймээнд хатгалдваас болох буюу» хэмээн дурдваас энэ үгийг зөвшөөж, Чингис хаан зарлиг болруун: «Тийн бөгөөс гал түлүүлэгтүн!» хэмээн цэргүүдэд зарлиг тунхаглав. Төдий Саарь хээрийг бүрхэн бууж, амьд хүн бүр тав таван гал түлэв. Шөнө Найманы харуул Ханхар ханы оройгоос олон гал үзэж, «Монголыг цөөхөн гэсэн биш билүү! Одноос олон галтан байна» хэмээн Таян ханд муу эмээлт шунхалхан морийг өгч илгээгээд: «Монголын цэргүүд Саарь хээрийг бүрхтэл бууцгаалаа. Өдөртөө ундран байна уу? Одноос олон галтан буй» хэмээн илгээжүхүй.
194. Харуулын энэ хэл авахад, Хүчүлэг хан хөвүүндээ хэлүүлж илгээрүүн: «Монголын агт морьд туранхай ажгуу. Одноос олон галтан хэмээмүй. Монголчууд олон ажгуу. Эдүгээ бид
Хагацахуй бэрх болох уу
Хамтдан барваас
Хар нүдээ
Хамхис үл хийнэ, тэд
Хацраа хатгагдваас
Хар цусаа гарваас
Хальтрал үгүй
Хатангуй Монголд
Хамтадваас болох уу!
Монголын агт морьд туранхай хэмээгдмүй. Бид улсаа Алтай давуулан сэгүүлэн (морины явдал) хөдөлж, цэргээ бэлтгэн зүгшрүүлж, тэднийг өдөөн явж, Алтайн өлгий хүртэл нохой хэрэл хэрж явъя. Бидний агт тарган буй. Гэдсий нь шивхрүүлэн, монголын морьдыг сульдуулан, нүүрэн дээр нь асган оръё, бид» хэмээн илгээжүхүй. Тэр үгэнд Хүчүлүг хан өгүүлрүүн:
Эм Таян зүрх ядрахдаа
Энэ үгийг өгүүлжээ.
Монголын олон хаанаас иржүхүй.
Монголын олонх Жамухатай энд бидэнд буй.
Хүнд эмийн шээх газар эс гарсан
Хүрдний тугалын бэлчээрт эс хүрсэн
Эм Таян зүрх алдан эс зориглож
Эдгээр үгсийг өгүүлж илгээжээ» хэмээн элчид нь эцэг юүгээн өвдтөл, хорстол өгүүлж илгээжүхүй. Энэ үгэнд Таян хан өөрөө эм хэт хэлэгдэж, Таян хан өгүүлрүүн:
«Хүчит омогт Хүчүлүг
Хүрэлцэхүй алалдахуй өдөр
Магад энэ омгоо бүү тавьтугай!
Хүрэлцэн хамтдан барваас
Хагацахуй магад бэрх буй» хэмээв. Тэр үгэнд Таян ханы доорхи их мэдлийн ноён Хори сүбэчи өгүүлрүүн: «Инанча билгэ хан эцэг чинь хүч сацуу нөхөртөө эрийн ар, агтын харгам эс үзүүллээ. Эдүгээ чи өглөө мэт эрт бөгөөтөл яахан зүрх алдана чи? Чамайг-ийн зүрх алдахыг мэдсэн бөгөөс хатан хүн боловч эх Гүрбэсүг чинь авчирч цэрэг засуулах бус уу. Ай халаг! Хайран Хөгсэгү сабраг өтлөхөөр, бидний цэргийн сулрах болов. Монголчуудын цаг заяа буй за. Бүтэхгүй болов. Ай! Дорой Таян чиний ядах мэт энэ буюу» хэмээгээд хороо (хоромсогоо) дэлдээд, буцаж хатирав.
195. Түүнд Таян хан хилэгнэж өгүүлрүүн: «Үхэх амь, зовох бие бүгд нэгэн буй за. Тийн бөгөөс хатгалдъя» хэмээж Хачир уснаас хөдөлж Тамир руу яваад Орхоныг гэтэлж, Наху хуны зүүн хормой дайран, Цахир могод хүрч айсуйд Чингис хааны харуул үзэж, «Найман ирж айсуй» хэмээн хэл хүргэвээс, энэ хэл аваад, Чингис хаан зарлиг болруун: «Олноос олон цөөнөөс цөөн хор хохирол болмуу зэ» гээд эсрэг морилж, харуулыг нь үлдэн хөөгөөд цэргээ засахдаа, «Харгана зорчил зорчиж, нуур байр байрлалдаж, цүүцэн хатгалдаанаар хатгалдъя (цэргийн тулалдааны арга мэх)» хэмээлдэв. Тэгээд Чингис хаан өөрөө магнайлж, Хасараар гол хүчээ засуулав. Отчигин ноёноор хөтөл морьтныг засуулав. Найман Цахир могодоос буцаж, Наху хуны өврөөр уулын хормой хэжин явж байжээ. Төдий Найманы харуулыг манай харуул үлдэн, Наху хуны өвөрт их голд нь нийлтэл хөөж хүрчээ. Тийн үлдэн хүрэхүйг Таян хан үзэж, Найманы цэрэгтэй тэнд цуг морилж явсан Жамухаас Таян хан асуужээ. «Тэд юун хүмүүс олон хонийг чоно үлдэж, хотонд нь ортол хөөж ирэх мэт эд юун хүмүүс тийн үлдэн айсуй?» хэмээн асуув. Жамуха өгүүлрүүн: «Тэмүжин анд минь дөрвөн нохдыг хүний махаар тэжээж, гинжилж, уяж байх бүлгээ. Тэд бидний харуулыг үлдэй айсуй яваа тэд буй. Тэд дөрвөн ноход:
Цүүцэн хошуутан
Шөвөг хэлтэн
Төмөр өртөн
Илд ташууртан
Шүүдэр идэж
Хий унаж явна, тэд
Алалдах өдөр
Амьтны мах иднэ тэд
Хүрэлцэх өдөр
Хүний мах хүнслэнэ, тэд
Гинжээ мулталж
Эдүгээ эс саатан
Баясан байгсад
Тийн шилбэлзэн
Айсуй, тэд» хэмээжээ.
Тэд дөрвөн ноход
Хэн хэн буй хэмээвээс
«Зэбэ Хубилай хоёр
Зэлмэ Сүбэгээдэй хоёр
Тэд дөрөв буй» хэмээв.
Таян хан өгүүлрүүн: «Эл тэд доромж доордоос хол байя» хэмээж хойшоо ухарч, ууланд асан байв.
Түүний хойноос
Туйлан тойрон айсуйг үзэж, бас Таян хан Жамухаас асуужээ.
«Тэд юун
Эрт тавьсан унага
Эхийнхээ сүүг нөхөж
Эх юүгээн орчин (тойрон)
Тоглон гүйх унага мэт
Яахан тийн тойрон айсуй, тэд?» хэмээн асуужээ. Жамуха өгүүлрүүн:
«Тэд
Жадат эрийг зууж
Цуст тоног тоногчин
Илдэт эрийг үлдэж
Унагаж алж
Уб (улаан тоног буюу цуст тоног) тоног авагчин
Уругууд, Мангуд хэмээгсэд тэд
Эдүгээ ийн баясч
Тийн туйлан айсуй тэд хэмээв.
Тэндээс Таян хан өгүүлрүүн: «Энэ тийн бөгөөс тэд доромж доордоос хол байя» хэмээж, бас хойшоо уул авиран байв. «Түүний араас айсуй өлссөн шувуу мэт шилбэлзэж, хошуурч яваа хэн буй?» хэмээн Таян хан Жамухаас асуужээ.
«Энэ айсуй Тэмүжин анд минь
Хөвчин бие нь
Ширмээр ширэгдсэн
Шөвөг хатгах
Чөлөө үгүй
Төмрөөр давтагсан
Тэвнэ хатгах
Чөлөө үгүй
Тэмүжин анд минь
Өлссөн шувуу мэт
Шилбэлзэн айсуйг үзэв үү, та?
Найман нөхөд та нар, монголыг үзвээс ишигний год үл үлдээнэ гэдэг бүлгээ. Одоо та нар үзэгтүн» хэмээв. Энэ үгэнд Таян хан өгүүлрүүн: «Энэ амсар дагаж, уул авиран байя» хэмээж, уул авирч байжээ. Бас Таян хан Жамухаас асууруун: «Бас тэр хойноос айсуй зузаан хэн бэ?» хэмээн асуув. Жамуха өгүүлрүүн: «Өгэлүн эх нэг хүүгээ хүний махаар тэжээж бүлгээ.
Гунжин бод идэшт
Гурван давхар хуяг өмсөж
Гурван бух зүтгүүлж айсуй зэ.
Хоромсогот хүнийг хотлоор нь залгиваас
Хоолойд нь үл торъюу
Хөвчин эрийг үмхвээс
Өл үл засъюу
Уурлаваас
Ацат сумаа тэлж тавиваас
Агулын алс бүхэн
Арав хорин хүнийг
Нэвт шувт харваюу.
Хэрэлдсэн хэнийг ч
Хээр хэтэс бүхнийг
Хийвэр сумаа тэлж тавиваас
Хэлхтэл өлгөтөл харваюу.
Ихэд тэлж харваваас
Есөн зуун алд газар харваюу.
Татан тэлж тавиваас
Таван зуун алд газар харваюу.
Хүн хүнээс өөр
Гүрвэл мангас шиг төрсөн
Жөчи хасар хэмээгдэх
Тэр буй за» хэмээв.
Тэндээс Таян хан өгүүлрүүн: «Энэ тийн бөгөөс уулын өндөр өөд тэмцье. Дээшээ авирагтун!» хэмээж, уул өөд авиран байв. Бас Таян хан Жамухаас асууруун: «Түүний хойноос айсуй хэн буй?» хэмээжээ. Жамуха өгүүлрүүн: «Тэр Өгэлүн эхийн нялх хөвүүн элгэмсэг Отчигин хэмээгдьюү.
Орой босогч тэр
Бараанаас үл хоцоръюү
Байдлаас үл хожидъюү» хэмээжээ.
Таян хан өгүүрүүн: «Тийн бөгөөс уулын оргил дээр гаръя» хэмээв.
196. Жамуха Таян ханд эдгээр үгсийг ийн өгүүлээд, Найманаас хагацан бултаж гарч, Чингис хаанд хэл хүргэж илгээрүүн: «Андад өгүүл» хэмээн өгүүлж илгээрүүн:
Үгэнд минь
Үхэдхийж
Өөдөө тэмцэн
Үргэж гарав
Амаар алагдан
Айн мэгдэж
Авиран гарав, уулнаа
Анд минь хатууж!
Тэд ууланд гарав. Эд эсэргүүцэх царай үгүй буй. Би Найманаас хагацав» хэмээн илгээжээ. Чингис хаан наран орой болгож, Наху хуны уулыг бүслэн байж хонов. Тэр шөнө Найман буруулан хөдлөх болохдоо, Наху дээрээс гулсаж, дээр дээрээсээ овооролдон, яс үсээ хэмх уналдаж, өмх хожуул болтол даралдан үхцгээв. Маргааш нь Таян ханыг мохотгож авав. Хүчүлүг хан тусгаар байсаар цөөн хүнтэй дайжиж хөдөлж, гүйцэгдэхдээ Тамирт хүрээ байгуулж, тэр хүрээндээ байн ядаж, хөдлөн дутааж, гарч одов. Найман иргэний улсыг Алтайн өвөрт мохоож хураав. Жамухатай цуг явсан Жадаран, Хатагин, Салжууд, Дөрбэн, Тайчууд, Онгирад зэрэг тэнд бас оров. Таяны эх Гүрбэсүг Чингис хаан авчруулж, өгүүлрүүн: «Чи монголын үнэр муухай хэмээдэг бус уу? Эдүгээ яахан ирэв, чи?» хэмээж Чингис хаан авлаа.
197. Мөн хулгана жилийн (1204) намар Хар талын үзүүрт Мэргидийн Тогтога бэхитэй Чингис хаан байлдаж, Тогтогаг хөдөлгөж, Саарь хээрт ард иргэн улсыг нь дагуулив. Тогтога Хуту, Чулуун хөвүүнтэйгээ цөөн хүнтэй амь зулбаж гарав. Төдий Мэргид иргэн дагуулигдахад хүрвээс, Увас мэргидийн Дайр усун охиноо, Хулан хатныг Чингис хаанд үзүүлье хэмээн авч ирэх зуур цэргүүдэд хоргоогдож, Бааридай Наяа ноёнтой учирч, Дайр усун өгүүлрүүн: «Энэ охиноо Чингис хаанд үзүүлье хэмээн айсуй би» хэмээжээ. Тэнд Наяа ноён өгүүлрүүн: «Охиныг чинь бид хамт үзүүлье» хэмээн түр хүлээлгэв. Хүлээлгэхдээ Дайр усуныг «Чи гагцаар одвоос, зам зуур цэргүүд самуун цагч чамайгч хорлох, бас охинтой чинь самуурна» хэмээж гурван өдөр, гурван шөнө хүлээлгэжээ. Тэндээс Хулан хатантай Дайр усуныг аваад, хамт Наяа ноён Чингис хаанд хүргэв. Тэндээс Чингис хаан Наяаг «Яахан саатуулав, чи?» хэмээн машид их хилэгнэж «Хатуу шалгаан асууж засаг болгоё» хэмээн байцаан бүхүйд Хулан хатан өгүүлрүүн: «Наяа өгүүллээ. Чингис хааны их ноён буюу би. Бид хамт явж охиныг чинь хаанд үзүүлье. Зам зуур цэргүүд самуурна хэмэээн ятгалаа. Эдүгээ Наяагаас бусад цэргүүдтэй учирсан бол самуунд орох байсан ажгуу. Хай, энэ Наяатай учирсан минь сайн болов. Эдүгээ Наяагаас асууснаас, хаан соёрхвоос, тэнгэрийн заяагаар, эцэг эхийн төрүүлсэн мариа биеэс минь асууваас ямар?» хэмээн өчжүхүй. Наяа асуугдан өчсөн нь:
Нүүр минь үгүй буй за
Харь иргэний
Хацар гоо охид хатад
Харгам сайн агт учирваас
Хаандаа хэмээн амуу, би
Үүнээс өөр сэтгэл буй бөгөөс
Үхье, би» хэмээжүхүй.
Чингис хаан Хулан хатны өчлийг зөвшөөж, мөн өдөртөө болгоон сорьж үзвээс, Хулан хатны өчил үнэн болж, Чингис хаан Хулан хатныг соёрхож таалав. Наяагийн үг мөн үнэн болж, зөвшөөж «Үнэн үгт ажгуу» хэмээн, «Их үйл хэрэгт түшиж өгье» хэмээн соёрхов.
Footnote: Хэр их Монголын түүх уншсан ч миний хувьд миний түүхийн мэдлэг байнга дутуу юм шиг санагддаг. Гэхдээ байнга ийм мэдрэмжтэй байхын оронд өөрийн түүхээ эхнээс нь дахин уншихаар шийдсэн.
Comments
Post a Comment