Монголын нууц товчоо (198~208)
НАЙМДУГААР БӨЛӨГ (198~208) 198. Мэргид иргэнийг дагуулиж, Тогтога бэхийн их хөвүүн Худугийн хатад Түгэй Дөрэгэнэ хоёроос Дөрэгэнээг тэнд Өгөдэй хаанд өгөв. Мэргидийн зарим улс дайжиж, тайгад хороо барьж хороолжухуй. Тэнд Чингис хаан зарлиг болруун: «Сорхон шарын хөвүүн Чимбайг ноёлж (ноён болгож), зүүн гарын цэргүүдээр хороолуулсан Мэргидийг довтолгон» илгээв. Тогтога, Худу, Чулуун хөвүүдтэйгээ цөөн биесээр дайжиж гарсныг, Чингис хаан нэхэн, Алтайн өвөрт өвөлжиж, үхэр жилийн (1205) хавар Арайгаар давж одвоос, Найманы Хүчүлүг хан улсаа автуулж, тэр дайжиж явсан цөөн хүмүүн Мэргидийн Тогтога хоёул нийлж, Эрчис мөрний Бухдурмад хамтран цэргээ засч байжээ. Чингис хаан хүрч очиж байлдваас, Тогтога тэнд шавын суманд (бороо мэт сольцон харвах сум) оногдон унажээ. Хөвүүд нь ясыг нь барин ядаж, биеийг нь авч явж завдал үгүй, тэргүүнийг нь огтлон авч явжээ. Тэнд Найман Мэргид хоёр нэг тал болон хамтран байлдан ядаж, буруулан хөдөлж, Эрчис гэтлэхдээ, чивж цөмөрч унаж, олонхоо усанд үхү...